Эссэ хэрхэн бичих вэ?
2012-01-26 14:12 Эссе хэрхэн бичих вэ? Гадаадын ялангуяа Америкийн их, дээд сургуулийн өргөдлийн маягтыг бүрдүүлэхэд эссе буюу зохион бичлэг бичих шаардлага зайлшгүй гардаг. Эссе буюу зохион бичлэг нь таныг элсэлтийн шалгалтын комиссын гишүүдэд танилцуулах чухал боломж олгож буй хэрэг юм. Их дээд сургуульд өргөдөл гаргагчид ихэнхдээ зохион бичлэгээ албан ёсны, мэргэжлийн үг хэллэгтэй, өөрийн зорилгоо зөв тодорхойлсон байх ёстой гэж боддог. Энэ нь магистр болон түүнээс дээш шатанд суралцагсдын хувьд анхаарах ёстой асуудал боловч баклаврын шатанд суралцагсдын хувьд зохион бичлэгтээ өөрийгөө хувь хүний талаас нь илүү танилцуулж бичих хэрэгтэй байдаг. Жишээлбэл: таны амьдрал эсвэл таны үзэл бодолд хамгийн их нөлөө үзүүлсэн хүний тухай, эсвэл чөлөөт цагаа хэрхэн яаж өнгөрүүлдэг тухай бичвэл зүгээр. Учир нь: Америкийн их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын комиссын гишүүд зөвхөн хичээлийн дүн, шалгалтын оноо харахаас гадна, өргөдөл өгөгчийг хувь хүн талаас нь мэдэхийг хүсдэг. Мөн өөрийн хүрсэн амжилт, бүтээсэн зүйлийн тухай, жишээлбэл оролцож байсан уралдаан, олимпиад, эзэлсэн байр, шагналын тухай эсвэл сайн дурын ажил хийж байсан зэргээ дурдах нь зүйтэй. Харин өөрийгөө хэт төвийлгөн магтах эсвэл нэмж зохиож бичих нь зохимжгүй. Та эссегээ яаж бичих вэ? 1-р алхам: Бичихээсээ өмнө Эхлээд юу бичихээ сайтар бод. Ингэхдээ бүтэц, зохион байгуулалт, дэс дараалал зэргийг үл хайхран бодол санаандаа байгаа бүхнээ цаасан дээр буулга. Бичсэн зүйлээ утга санаагаар нь хооронд нь холбож үз. Дэс дараалал, логикийг анхаар. Одоо бичсэн зүйлийнхээ утга санааг анхааран тухайн эх болгон дээр нарийвчлан ажилла. Бүгдийг дахин эхнээс бич. 2-р алхам: Эхний хэсэг Энэ хэсэгт та эссе буюу зохион бичлэгийнхээ товч утга, ерөнхий төлөвлөгөөг тусгаарай. Эхний хэсэгт эссений товч агуулгыг тусгаж өгвөл уншигчдад ерөнхий утга санааг түргэн ойлгож, үргэлжлүүлэн уншихад хялбар болдог. Тийм учраас та эхний хэсгээ аль болох сонирхолтой, анхаарал татахуйц болгохыг хичээгээрэй. 3-р алхам: Их бие Их биеийн хэсэг бүр нь өөрийн агуулгыг хадгалсан өгүүлбэрээр эхэлдэг бөгөөд энэ өгүүлбэр нь ямагт шинэ санаа агуулсан байх ёстой. Дараа нь энэхүү өгүүлбэрийн утга санааг тодруулсан янз бүрийн жишээ, тайлбар, тоо баримтыг нэмж оруулна. 4-р алхам: Дүгнэлт Зохион бичлэгийнхээ энэ хэсэгт дээрхи бичсэн зүйлийнхээ талаар дүгнэлт гарган бичих хэрэгтэй. 5-р алхам: Засвар хийх Та зохион бичлэгээ бичиж дуусгаад чангаар өөрөө өөртөө уншаад үз. Хэрэв та зохиогч биш, харин уншигчийн байрнаас хандвал өөрийн алдаагаа илүү амархан олох болно. Сайн эссе ямар байх вэ? * Хялбархан уншигдаж, амархан ойлгогддог зохион бичлэгийг сайн эссе гэж дүгнэдэг. Таны зохион бичлэгийн гол санаа тод гарсан байх ёстой. * Эссе нь зохиогчоо хувь хүний талаас нь харуулж чадсан байх. * Эхлэл ба төгсгөл нь ойлгомжтой бөгөөд утаа санаа нь логик холбоотой байх. Эссе бичихэд анхаарах зүйлүүд Хэдийгээр зохион бичлэг тань төгс болж чадаагүй ч гэсэн, дараах түгээмэл тохиолддог дутагдлуудыг гаргахгүй байхыг анхаараарай: * Хэтэрхий том эсвэл эртний үг бүү хэрэглэ. Зарим хүмүүс зохион бичлэгээ ухаантай, гоё харагдуулах зорилгоор хэт том үг хэрэглэдэг. Гэвч эдгээр үгнүүд нь зохион бичлэгийн зөвхөн хоосон чимэг болж, хувь хүний үзэл бодлыг бүрэн илэрхийлж чаддаггүй. * Дүрмийн алдаа, хэтэрхий мэргэжлийн үг хэллэг буюу сэдэвтэй байх. * Зохион бичлэгийн зорилго нь утга санаанаасаа зөрсөн, авцалдаагүй байх. * Ядуу хэллэгтэй байх. * Тэмдэг нэр болон өөр туслах үг аль болох цөөн ашиглаарай. * Өргөдлийн маягтанд өгсөн мэдээллээ эссендээ дахин битгий давтаарай. * Зохион бичлэг нь нэгэн хэмтэй байх ёстой. Өөрийнхөө сайн мэддэг, сонирхдог зүйлийн талаар бичих, харин сэдвээ сайн бодох хэрэгтэй. * Эссе хэтэрхий урт байх хэрэггүй. * Гол сэдвээсээ хазайх ёсгүй. ЭССЭ БИЧИХ АГУУ БӨГӨӨД САНААНД ОРОМГҮЙ ДОЛООН САНУУЛГА 1. Таны эссэг Олимпийн шүүгчид дүгнэхгүй Эссэ бол гараагаа 10 оноотой эхлээд, алдаа гаргах бүрт оноогоо хасуулдаг Олимпийн усан сэлэлт, эсвэл уран гимнастикийн үзүүлбэр биш. Эссэг гартаа улаан үзэг барьсан харгис шүүгч бус, сэтгэл догдлуулсан мэдээллийг хүлээж буй багш профессор уншина. Энэ хүн эссэний тань сэдэвт бус, харин ТАНЫ тухай сэтгэгдлээ тархиндаа бичиж, дүгнэлт хийх бөгөөд бүр ихдээ “энэ залуу надад үнэхээр таалагдаж байна” хэмээн уулга алдана. 2. Танд нэг гоц санаа байх ёстой Энэ нь эхний зөвлөгөөнөөс урган гарна. Эссэг уншигч хүн асуултын дагуу гол санааг хэр гаргасан эсэхийг мэдэхийн тулд маш хурдан уншдаг. Иймд та мянга түмэнтэй таарах /бөх барилдах нь намайг анхаарлаа төвлөрүүлэхэд сургасан, эмээгийн үхлээс болж сарнай үнэртдэг болсон, би бусдад тус хүргэхийг хүсдэг учраас эхлээд өөртөө тусална/ санааг давтсан л бол хэдий сайн цэгцтэй бичигдсэн ч олигтой үнэлгээ авахгүй л болов уу. Үнэндээ, дэвшүүлсэн санаагаа хэт чамирхаж илэрхийлвэл тэр нь их нуршсан болдог. 3. Гол санаа тань өөриймсөг бөгөөд нүсэр биш байх ёстой “ТОМ СЭДЭВ”-ээс аль болох зайлсхий. Ойрхи Дорнод дахь энх тайван, экологи, иргэний эрх ба хүний ерөнхий зан төрх гэх мэт илэрхий нүсэр гарчигаас гадна “ёс суртахуун”-аар жонхуудсан ТОМ САНАА-ны олон зуун жижиг хувилбаруудаас болгоомжлох хэрэгтэй. Өөрийн гэсэн, агуулга төгөлдөр, анхны санаагаа хадгалсан байвал санаа тань тод томруун болно. Ёс суртахууны асуудал хөндөн ярих гэж байгаа бол санаанд оромгүй, өвөрмөц бөгөөд өөртөө тохируулсан байдлаар бичих хэрэгтэй. Амжилтгүй санаа: Намайг зусланд байхад нагац ах Харри маань үгүй болсоныг эцэг, эх маань дуулгахад би тэрээр хичнээн энэрэнгүй, өгөөмөр хүн байсныг дурсан санасан. Арай илүү хувилбар: Нагац ах Харриг нас барах үед эцэг, эх маань надад анх нас бие гүйцсэн хүн шиг хандсан юм. Тэгэхэд би зусланд амарч байсан ба тэд намайг оршуулганд явуулахаас амрах нь дээр биз гээд хоёр долоо хоногийн дараа л сая тэрхүү гунигт мэдээг дуулгасан юм. Сануулга: Зөв хувилбар бол, яриа нагац ах Харригийн тухай бус /тэр эссэний гол агуулга биш шүү дээ/. Таны тухай өрнөх ёстой. Иймд та аль болох тодорхой хүрээнд өөрийн тухай өгүүлэн бичвэл зохино. Ийнхүү бичихдээ багшид чухам хэн болох, бие даасан болон өсөн дэвших тэмүүлэлтэй эсэхээ илэрхийлнэ. “Жинхэнэ” өгүүлэгдэхүүн нь нагац Харри ч биш, эцэг эхтэйгээ маргасан тухайд ч биш, харин таны өсөн хөгжих хүсэл тэмүүлэл, чадвар дэвшлийн тухай юм. 4. Үлгэр-1: Сул чөлөөтэй бай, бүү тэвд Багш профессорууд танд олонтаа зөвлөх боловч та ямар ч дасгал, сургуулилтгүй бол ханын зураг зурах зураач эсвэл кинонд тоглох жүжигчин адил балмагдана. Ер нь зурах, жүжиглэх нь хүн бүр хийж чадах зүйл мэт боловч бэлтгэл, сургуулилтгүйгээр барахгүй ажил. Бичих ч бас үүнтэй мөн адил. Та өөртөө итгэлтэй болсон нөхцөлд л тайвширч чадах тул хэд хэдэн ноорог бичиж, мэдлэгтэй хүнээс зөвлөгөө авсны дараа л сая сэтгэл өег болно гэсэн үг. 5. Үлгэр-2: Сул чөлөөтэй бай, бүү тэвд Та өөрөө чухам хэн бэ? Бид өөрсдөө бие хүний хувьд олон төлөөлөл, хэсэг болдог. Тухайлбал, гэр бүлийн хувьд нэг, найз нөхдийн хувьд нэг, албан ёсны үйл явдалд нэг, мөн ганцаардсан үедээ бас нэг өөр бие хүн болдог. Найзуудтайгаа тэнэглэн тоглож байхад тань Polariod-аар авахуулсан болон ахынхаа хуриман дээр хамгийн аятайхан гарсан хоёр зургийн алийг нь багш илүүд үзэх бол. Та стратегийн шийдвэр гаргах хэрэгтэй. Та эдгээрийн аль нэг дүрийг сонгож, сайтар боловсруулан танилцуулах ёстой. Энэ бол амжилтад хүрэхэд хамгийн дөхөмтэй – Таныг хийж буй ажилдаа махруу, онцгой хүн гэдгийг харуулах дүрийг сонгоно гэсэг үг юм. 6. Хайр дурлал бол хамгийн чухал нь биш ч, нэгэнт танд байгаа бол түүнийгээ гээж болохгүй Ямар ч сэдвээр эвтэйхэн бичиж болох боловч, хамгийн их сэтгэгдэл төрүүлэхүйц сэдвийг сонго. Эргэлзээ бус хүсэл эрмэлзлэлийнхээ тухай бич. Өсвөр насныхны зовинол, ичгүүргүй явдлууд багш хүнд тун залхмаар байдаг тул үүнээс зайлсхийх хэрэгтэй. Та ямар нэг зүйлд сэтгэл татагддаг бол тэрхүү сэтгэл, итгэл үнэмшлээ тодорхой илэрхийлэн бич. Бага дүүдээ тэгтлээ хайртай биш бол яагаад гэдгээ мөн л хошигнол, сонирхолтой яриа, түүх, болсон явдал зэргээр тайлбарлан эссэн дээр өөрийн тухай аливаа чухал мэдээллийг хүргэж чадвал багшид үнэлэгдэх боломж тань төдийчинээ нэмэгдэнэ. 7. Эссэ бичигчдийн ховор хэрэглэх хоёр үр нөлөөтэй хийгээд чамирхуу хэрэгсэл ХАРИЛЦАН ЯРИА, ИШЛЭЛ Тааруухан хувилбар: Миний төгөлдөр хуурын багш, хатагтай Фон Крабб зөвхөн төгөлдөр хуур тоглохыг заагаад зогсохгүй амьдралд хэрэгтэй олон зөвлөгөөг хичээлээрээ өгсөн юм. Түүний англи хэл нэг их сайнгүй бөгөөд байгаа байдал нь хуучинсаг боловч би түүнийг үргэлж санах болно. Илүү хувилбар: “Алекс, чамайг төгөлдөр хуурынхаа ард суун одоо л эхэлж байна гэж бодож байхад чинь бусад хүмүүсийн хувьд концерт аль эрт эхэлчихсэн байдаг. Тиймээс зөв сууж сур” гэж Фон Крабб хэлдэг. Тэр бүр анхныхаа өдөр л түүний араас өөр хоорондоо шивнэн “Хатагтай Фон Крабб бөмбөг” гэж дуудахгүй байхыг сануулж билээ. Гэвч бид яаж тэсэх вэ дээ. бид шоолон ярилцдаг ч түүнийг хүндэтгэж бас эмээдэг байсан. Сануулга: Эссэний бичилтэд хатагтай Фон Крабб гайхалтай байсан гэдгийг дагнан өгүүлбэл утга төгс болж үл чадна. Хоёр дахь бичилт түүний дутагдал, иш татсан зүйлээр илүү байгаа тул зохиогч буюу Алексийн тухай ойлголт өгч, түүний талаар аятайхан сэтгэгдэл төрүүлж байна. Уншигчийн сонирхлыг татна гэдэг бол эссэ бичигчийн бараг хамгийн гол зорилго, нууц түлхүүр нь юм. Танд илүү хувилбар хэмээх гарын авлагын адил бичих нь амаргүй. Үүнийг их сургуулийн профессорууд ч тэр бүр чаддаггүй. Гагцхүү ингэж бичихийг хичээж, эссэндээ гол дүрийн үгийг олж иш татвал өөрт тань тустай. ЖИШЭЭ: Эдгээр өгүүлбэрийн аль нь илүү вэ? А. Би тэн хагаст нь дархан цаазтай, нөгөө хэсэгт нь томоохон эдлэн газар бүхий байшингуудтай том хотын захын нэгэн дүүрэгт суудаг. Б. Би Бостноос 15 бээрийн зайтай орших Массачусетс муж улсын байгалийн үзэлгэлэнт дархан цаазат, хагас хэсэг нь хувийн эзэмшилд хамаарах эдэлбэр газар бүхий Линкольний эдлэнд амьдардаг. Сануулга: Хоёр өгүүлбэрийн Б нь арай илүү байна. Учир нь уншигчид хотын нэрийг сонирхох нь гарцаагүй. Америкийн агуу туужийн муу хувилбарт гардагийн адил “Миний аав том хотын пүүст ажилладаг” гэж бүү бич. Үүнийхээ оронд Миний аав Вашингтон дахь “Арнорд ба Портер” хэмээх хуулийн том фирмд ажилладаг гэх нь дээр. Мэдээж аливааг хэт дэлгэрүүлэн бичихэд аюул бий. “Хуулийн том фирм” гэдгийг “340 гишүүнтэй, 12 хотод салбартай /та хотуудыг нь нэрлэж болно/ хуулийн фирм” гэж бичиж болно л доо. Гэхдээ ийм хэт дэлгэрэнгүй мэдээллийг эссэнд оруулах нь тун ховор юм. /Кембриджийн Их Сургуулийн үйлчилгээний албаны заавраас/
бичсэн: Сургалтын блог төрөл: |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 1993